|
Монгол Улсын банк санхүүгийн салбарт бид бүхэнтэй хамтран Капитал банкны 21 жилийн түүхийг бичилцэж байгаа харилцагч Та бүхэндээ банкны гүйцэтгэх удирдлага, захирлуудын зөвлөлийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Төлөөлөн Удирдах Зөвлөл, Удирдлагын багийн хамтын ажиллагаа, банкны ажиллагсдын идэвх, санаачлагатай үйл ажиллагаа, шургуу хөдөлмөрийн үр дүнд өнгөрөгч онд банкны үйл ажиллагаанд ихээхэн ахиц дэвшил гарсан амжилтын жил байлаа. Өнөөдөр Монгол Улсын санхүүгийн салбарт 14 арилжааны банк, 195 банк бус санхүүгийн байгууллага, 162 хадгаламж зээлийн хоршоо, 17 даатгалын компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд санхүүгийн салбарын нийт хөрөнгө буюу активын хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 51.4 хувиар өсч, 12 их наяд төгрөгт хүрлээ. Манай орны банкны салбарын нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 50 хувиар өсч 9.4 их наяд төгрөгт хүрсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 87 хувьтай тэнцэж байна. Банкны салбарын нийт пассивын хэмжээ 48 хувиар, өөрийн хөрөнгө 77 хувиар өсч 184 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.
|
|
Монгол банкны судалгаанаас үзэхэд банкны салбар 2011 онд нийт 7.2 их наяд төгрөгийн зээл олгосон нь өмнөх оноос 60 хувиар нэмэгдэж зээлийн өрийн үлдэгдэл оны эцсийн байдлаар 5.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 72 хувиар өссөн байна. Өнгөрсөн онд бий болсон эдийн засгийн таатай орчин манай банкны үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүллээ. Нийт активын хэмжээ хоёр дахин нэмэгдэж 220.1 тэрбум төгрөгт хүрлээ. Харин сүүлийн 6 сарын активын дундаж хэмжээ 156.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны дундажаас 40 хувиар их байна. 2011 онд 29 мянган зээлдэгчид 140.4 тэрбум төгрөгийн зээл олгосны 40 гаруй хувийг үйлдвэрлэл, барилгын санхүүжилт, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл тус тус эзэлж байна. Харин цэвэр зээлийн өрийн үлдэгдэл 54 хувиар нэмэгдэж 121.2 тэрбум төгрөгт хүрлээ. Тайлант онд дүрмийн санг 4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсний үр дүнд өөрийн хөрөнгө 28.2 хувиар нэмэгдэв. Нийт пассивын хэмжээ 55 хувиар нэмэгдэж 202.7 тэрбум төгрөг болсноос хадгаламж 47 хувиар нэмэгдэн 84.7 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрийн зээл олголт нэмэгдсэнтэй холбогдон бусад эх үүсвэр 54.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь хамгийн их нь байна. Түүнчлэн тайлант онд харилцах дансны үлдэгдэл 17 хувиар нэмэгдэж 38.2 тэрбум төгрөгт хүрлээ. Тайлант онд хүүний орлого 50 хувиар, хүүний зардал 40 хувиар нэмэгдэж, цэвэр хүүний орлого 3.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 65 хувиар их, цэвэр ашиг 57.9 хувиар нэмэгдэж 857.5 сая төгрөгт хүрлээ. Тайлант онд төрөөс дэвшүүлсэн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сан, гадаад дотоод эх үүсвэрээр нийтдээ 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийг олгосон бөгөөд үүнээс жижиг дунд бизнесийг дэмжин олгосон зээлийн хэмжээ 55.7 тэрбум төгрөгт хүрсэн нь улсын хэмжээнд олгосон нийт зээлийн 20 шахам хувийг эзэлж байна.
Нийгмийн
хариуцлагыг хэрэгжүүлэгч банкны хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг зээлийн
бодлогоор дэмжин зээлийн хүүний хувийг бууруулах, хугацааг сунгах, хэмжээг нэмэгдүүлэх
арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэн улс орны өмнө тулгамдсан асуудал
ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулан ажиллалаа. Ингэснээр жижиг дунд үйлдвэрлэлийн
зээлдэгчдийн тоо 33,4%-аар, олгосон зээлийн хэмжээ 2 дахин нэмэгдсэн.
Түүнчлэн чанаргүй зээлийн хэмжээ 2,72% болж өмнөх оноос 40 гаруй хувиар буурсан
байна.
Органик, ногоон үйлдвэрлэлийг дэмжих “Органик Монгол хөтөлбөрийн төслийн зээл”, ажил эрхлэлт, өрх гэрийн үйлдвэрлэл, орлогыг нэмэгдүүлэх “Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл”, Дэлхийн банкны Бичил санхүүгийн хөгжлийн сангийн Тогтвортой амьжиргаа-II төслийн зээлийг тус тус олгосон бөгөөд 2011 онд нийт 700 иргэн, аж ахуй нэгжид 38.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Банкны хөгжил дэвшилд банкны хамт олны оруулсан хувь нэмэр их байгаа билээ. Банкны ажилтны тоо жилээс жилд нэмэгдсээр байна. 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Капитал банкны нийт ажиллагсдын тоо 324 болж өмнөх онтой харьцуулахад 29 хувиар өслөө. Орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Мобифинанс ББСБ хамтран MobiXpress үйлчилгээгээр Хүний хөгжил сангийн мөнгийг гар утсаар олгож эхлэв. Дэлхий даяар хамгийн өргөн сүлжээтэй олон улсын мөнгөн гуйвуулгын MoneyGram үйлчилгээ, гадаад валютын маржин арилжааны “Capitalbankfx” платформыг нэвтрүүлснээс гадна, энэ онд манай банк анхны АТМ үйл ажиллагаандаа ашиглан харилцагчиддаа үйлчилж байна. Мөн банкны ёс зүйг дээдэлж хариуцлагатай, харилцагч байгууллага, иргэдэд найдвартай санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг, тогтвортой хөгжих чадвартай банк байх нь манай банкны хамт олны эрхэм зорилго юм. Улс орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө, нийгэм дэх ажилгүйдэл ядуурлыг бууруулахын төлөө Капитал банкны хамт олон нийгмийн хариуцлагын бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ, бид бүхэнд итгэн найдаж байгаа харилцагч, хамтран ажиллагсад, хувь нийлүүлэгчид Та бүгдийнхээ итгэлийг биелүүлж ажиллах болно. 2011 онд ажлын их амжилтыг бий болгоход гүн туслалцаа үзүүлж, бидэнд итгэж найдсан харилцагч, хамтран ажиллагсад, гадаад түнш болон Монголбанк, Сангийн яам, хувь нийлүүлэгчид, Төлөөлөн удирдах зөвлөлд талархал илэрхийлэхийн ялдамд энэхүү амжилт бүтээлийн үндэс суурь болсон зорилго нэгтэй, эвсэг, шургуу, хөдөлмөрч, хичээнгүй банкныхаа нийт хамт олонд банкны Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн нэрийн өмнөөс гүнээ талархаж буйгаа илэрхийлье.
Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн, Гүйцэтгэх захирал А.АРИУНБОЛД | |